ЗӨВЛӨМЖ

e-Gandan ЦАХИМ АЙЛТГАЛЫН ТУХАЙ

Бидний зүгээс 2016 онд танилцуулж байгаа шинэ үйлчилгээний нэг бол “цахим айлтгал” буюу “e-gandan” билээ. Цагаан сар, бусад дүйчэнгийн өдрүүдэд сүм хийдүүдэд ном айлтгуулах гэж урт дараалалд зогсох, ном айлтгуулсны дараа өөрийн зүгээс ямар бэлтгэл хэрэгтэйг мэдэхгүй байх, ямар нэг тулгамдсан хэрэг явдал гарах, ажлын дараа хийдүүдэд очиход ном айлтгал бичдэг газрын хаах цаг болсон зэргээс шалтгаалан багагүй бухимдал үүсэх тохиолдол гардаг.

Тэгвэл энэхүү шинэ үйлчилгээг ашигласнаар эдгээр асуудлууд шийдэгдэж, бурхан шүтээнээ эргэж мөргөх, сүм суваргаа гороолж эргэх мэтийн бусад буянаа үйлдэхэд яарч тэвдэх шаардлагагүй боллоо. Хамгийн чухал явдал бол хилийн чанадад сурч хөдөлмөрлөж байгаа монголчуудад шинэ бололцоо нээгдэж байна.


ЦАХИМ АЙЛТГАЛЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

  1. www.mongolcalendar.com цахим хуудас руу хандана.
  2. “Цахим айлтгал /E-gandan”-ын хуудас руу нэвтэрнэ.
  3. БАГЦААР АЙЛТГУУЛАХ, НОМ ХАЙХ гэсэн хаяг бүхий цонхтой захиалгын 1-р хэсэгт нэвтэрнэ.
    1. Багцаар айлтгуулах: Энэ хэсэгт өнөөдөр Гандантэгчэнлин хийд тэргүүтэй бусад сүм хийдүүдэд уншигдаж байгаа номуудыг хэрэг, тусаар нь 32 багц болгож эрхэм сүсэгтэн танд санал болгож буй юм. Эдгээр багцуудаас сонголт хийж идэвхжүүлэхэд НОМ ХАЙХ цонхны доод хэсэгт багцын номын нэрс гарч ирнэ. Эдгээр номууд бүгд сонгогдсон байдлаар идэвхжсэн байх бөгөөд магадгүй танд энэ удаагийн айлтгалаар уншуулах шаардлагагүй номын нэр жагсаалтанд байвал номын нэрийн урд талд ЗӨВ гэж тэмдэглэгдсэн тэмдгийг арилгахад тэр ном жагсаалтаас хасагдана.
    2. Ном хайх: Энэ хэсэгт та уншуулах номоо монгол кирилл болон латинаар оруулж хайлт хийнэ.
  4. ЗАХИАЛАХ товчийг дарснаар таны сонгосон айлтгал ХЭНД зориулж ХЭНЭЭС уншуулж буйг бөглөх 2-р хэсэгт шилжинэ.
  5. ЗАХИАЛГЫН 2-Р ХЭСЭГТ та хэн нэгэнд зориулж ном айлтгуулж буй бол тэр хүндээ “Сэтгэлийн үг” илгээж болох бөгөөд бидэнд цахим шуудангийн хаягийг нь өгөхөд хангалттай.
  6. ЗАХИАЛАХ товчийг дарснаар банкны хэсэг рүү нэвтэрч зохих хураамжийг төлснөөр таны айлтгалын захиалга идэвхжинэ.
    ДАХИН ЗАХИАЛАХ товчийг шинээр сонголт хийхэд ашиглана.
  7. Захиалга хүлээн авсан тухай мэдээлэл таны цахим шуудангийн хаягаар илгээгдэнэ.
  8. Таны тухайн өдөр уншигдах айлтгалыг хийд хүлээж авсан тухайгаа цахим шуудангийн хаягаар тань илгээнэ.

ХИЙД ОРОНД ХЭРХЭН БИЕЭ АВЧ ЯВАХ ТУХАЙ АНХААРУУЛГА

  • Хийд орон нь бурхан шүтээн бүхий хүндэтгэл бишрэл, буян хураах онцгой газар гэдгийг санах
  • Биеийн тамирын, чөлөөт амралтын, хэт богино банзал, этгээд загварын гэх мэт хувцаслалтыг цээрлэж албаны болон үндэсний хувцасыг цэвэр цэмцгэр, зөв боловсон өмсөж хувцасласан байх
  • Бохь зажлах, задгай хүнс ил авч явах, элдэв ундаа уухгүй байх
  • Чанга дуугаар ярилцах, шуугилдах, зохисгүй үг яриа хэлэх
  • Утсаар ярих, бичлэг хийх, зураг авах, элдэв чимээ гаргахыг эрс цээрлэх.
  • Шүлс нусаа ил задгай хаях, тамхи татах, хог тарихгүй, ил задгай бие засахгүй байх
  • Овор ихтэй цүнх, аюул учруулж болзошгүй хурц үзүүртэй, шингэн болон бусад зүйлс биедээ авч явах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болохгүй.
  • Нохой, муур зэрэг амьтан авч орохгүй.
  • Нийтэд нь хэлбэл үл хүндэтгэсэн аливаа бие, хэл, сэтгэлийн үйл бүрийг хоривоос буян их хураана.

НОМ УНШУУЛАХАД БИЕЧЛЭН ИРЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙДАГ УУ?

Зарим ном уншуулахад биечлэн ирэх шаардлагатай байдаг. Энэ нь ихэвчлэн тавгийн идээтэй хурдаг сахиус бурхан тахих хурал, ажил үйлс, эрүүл мэндийн тухайд өргүүлэх сэржимтэй ном хурал, бие өвчтэй үед яаралтай айлтгадаг зарим чогын төрлийн ном, засал гүрмийн зарим нэг ном хурлууд байна. Хэрвээ өөрийн биеэр ирэх боломжгүй бол төлөөний хэн нэгнийг байлгах учиртай ч өөрийн тусын тулд ном айлтгуулж буй хүмүүн үнэн сүжгийг сэтгэлдээ үүсгэх учиртайг болгооно биз ээ.


ТАВГИЙН ИДЭЭ БОЛОН БУСАД БЭЛТГЭЛ, ТҮҮНИЙГ ХОЖИМ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

ТАВГИЙН ИДЭЭ - тэй ном уншуулахад тавгийн идээг өөрийн дуртай идэх зүйлээр бэлдэнэ. Хулгайлсан, бусдыг хуурч мэхэлсэн, ариун бус зэрэг буруу амьжиргаагаар олсон зүйлсээр тахилгын тавгийн идээг бэлддэггүй. Ном уншуулсны хойно тахилгын идээгээ рашааны мөн чанартай болсон ариун идээ гэж сүжиглэн үзэж халуун ам бүлийнхэнтэйгээ хуваан хүртдэг, мөн 3 хоногтоо гэрээс юм гаргадаггүй цээрлэдэг учир бас байна.

ДАЛЛАГЫН УУТ – г ихэвчлэн гэртээ ном уншуулах, даллага авах үед ил гаргаж даллах тул гадагш авч явахгүй байх нь дээр юм.

СЭРЖИМ өргөх зан үйлтэй ном уншуулахад өөрт тохирох үйлэнд зориулж сэржмийн зүйлсийг бэлддэг. Хэрвээ сэржмийг дэлгэрүүлэхийн үйлэнд зориулж байгаа бол сүү, сүүтэй цай, хэл ам, хэрүүл тэмцэл, хулгай зэрэг хатуу үйлэнд зориулж буй бол хар цай, архиар ихэвчлэн өргүүлдэг байна. Ном уншиж гүйцсэний хойно ном уншаач лам сэржмийг аль зүгт, хэзээ өргөхийг зөвлөх болно.

ЭЛС. Маналын лхого, амьдын болон өнгөрөгсдийн Гүнрэг гэх зэрэг ном уншуулсны сүүлд элс өгдөг бөгөөд бие өвчтэй, хэвтэрт байгаа зэрэг бусад шалтгаанаар айлтгуулсан хүний толгой дээр бага зэрэг үрэх, хувцас хунар, ор дэвсгэр, гэр орон зэрэгт сүрчиж, цацах байдлаар хэрэглэнэ. Харин өнгөрөгсдөд бол талийгаачийн хөлнөөс эхлэн толгой хүртэл цацна. Ийнхүү цацахдаа УМ АА ХУМ хэмээн уншина.

БУРХАН РАВНАЙЛУУЛАХ. Гэр орондоо шинээр бурхан шүтээн залах, талийгчдын хойноос бурхан бүтээлгэх зэрэг үйлээс шалтгаалж шинээр бурхан бүтээлгэн сүм хийдэд равнайлуулах, лам хувраг гэртээ залж равнайлуулдаг. Ийнхүү шүтээн болсон бурханыг гэрийнхээ хоймор /орон сууцны үүд хаашаа ч хамаагүй харах болсон тул гэрийнхээ гарах үүдний эсрэг талыг хоймор тал гэж тооцно/-т хүндэтгэлтэй зална.


НОМ УНШУУЛАХДАА САНАХ ЗҮЙЛС

Гурван эрдэнийн адистид цаглашгүй, хуурмаггүй юм. Гэвч ном уншуулж, гүрэм хийлгээд зовлонгоосоо өргөс авсан адил салчихна, хураасан нүгэл хилэнцээ арилгаад нүгэл үгүй болгочихно гэж санах нь буруу бодол юм. Үүнийг ч Бурхан багш бээр шавь нартаа : -Би та нарын зовлонг гараараа арилгахгүй, хилэнцийг чинь угааж цэвэрлэхгүй, өөрийн эрдмийг юүлж чадахгүй тул гэгээрэлд зөвхөн өөрсдөө шамдах ёстой хэмээн сургасан.

Учир нь хэн бүхэн ямагт бие биеэсээ хамаарах шүтэн барилдлагад оршдог тул өөр өөрсдийн хийсэн үйлийн үрийг эдлэх уг, үрийн хуулиас гарахгүй тул бүх зовлонгийн уг болсон мунхаг байдал, хилэнцэт сэтгэлийг тэвчиж, хамаг жаргалын шалтгаан болсон асрал энэрлийн сэтгэлийг төрүүлэхэд хүн өөрөө шамдан суралцаж, хичээн зүтгэх учиртайг мэдэх нь чухал юм.

Ингэж нэг талаас дээдийн номонд суралцах, нөгөө талаас буян хураах үйл болсон дээдийн номыг айлтгуулах зэргээр хүсэхгүй зовлонгийн шалтгааныг боомтилж, жаргалангийн шалтгааныг үргэлж байгуулж байх нь хэрэг ихтэй ажээ.


СЭТГЭЛИЙН БЭЛТГЭЛ

/ном уншуулж буй номын адис жинлавыг хүртэхийн тухайд сэтгэлээ бэлддэг учиртай. Үүнийг сэтгэлийн бэлтгэл хэмээнэ./

ХИЛЭНЦИЙГ ӨЧҮҮХЭН Ч БҮҮ ҮЙЛД
БУЯНЫГ ХОТОЛ ЧУУЛГАН БОЛГО
ӨӨРИЙН СЭТГЭЛИЙН ОГООТ НОМХОТГО
ЭНЭ БОЛ БУРХАНЫ ШАШИН БОЛОЙ

УМ МҮНИ МҮНИ МАХА МҮНИ ЕЭ СУХА.

Өмнийн огторгуйд номт хувцастай, амарлингуй дүртэй Бурхан багш /энэ үест өөрсдийн ачит багш нарыг ч орлуулан санаж болох ба дүр байдал нь өөрийн багш, мөн чанар нь Бурхан багш лугаа адил хэмээн бодож болно./- ийг өмнөө баринтагтай судар залаад завилж суусан байдалтайгаар арслант сэнтий дээр залран таны айлтгуулсан номыг таны айлтгалыг уншин буй хийдийн лам хуврагуудтай хамтаар яруу сайхан хоолойгоор айлдахад ТА Бурхан багшийн өмнө хоёр гараа зүрхэн тус газраа алга хавсран залбирахад ном айлдаж буй Бурхан багш болон өмнө нь залсан судраас хамаг өвчин зовлон, гай зэтгэр, муу бүхнийг амарлиулагч рашааны мөн чанартай адистид ихтэй цагаан гэрэл хэмжээлшгүй ихээр цацарч таны зулайн тус газраар таны бие рүү юүлэгдэхэд бие тань дүүрч байна, таны биед байсан өвчин зовлон бүхэн хар өнгөтэй зүйл болон биеэс шахагдан гараад, түүний оронд эрүүл саруул, элдэв зовлонгийн шалтгаангүй амгалантай сайхан бие, хэл, сэтгэлтэй боллоо гэж баясан төсөөлөөрэй. Ийнхүү бясалгахдаа өөрийн мэддэг залбирал, номыг уншиж болох агаад ийнхүү хураасан буянаа өөртэйгөө ижил зовж шаналсан нэгнийг тэрхүү зовлонгоосоо түргэн ангижрахыг, амгалантай бусдад зовлон бүү учраасай гэх асрал энэрлийн сэтгэлийг үүсгээд “Эгэл бидэн шиг байгаад хожмоо төгс гэгээрсэн Бурхан багш болсон тань адилын хутгийг түргэнээ олох болтугай” хэмээн ерөөл тавьж залбираарай. Ингэж залбирал үйлдэхдээ аль болох тохитой суудал эзлэх нь чухал ч аль бололцоотой байдлаа сонгон төсөөлөн бясалгаж аль чадахаараа үйлдээрэй.

Ийнхүү байдлаар дээдийн номыг айлтгуулж уншуулваас таны санасан хэрэг бүтэхэд нэн тустай байх болно.